Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолын дагуу гал асаагч, түлшний шаталтыг дэмжигч бүтээгдэхүүнүүдийн туршилтын үр дүнг тус хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон.
Энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн шахмал түлшний асаагч бүтээгдэхүүний туршилт, лабораторийн шинжилгээний үр дүнг Эрдэмтдийн зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.
“Тавантолгой түлш” ХХК шахмал түлшний асаагч бүтээгдэхүүнийг модтой харьцуулан туршиж, лабораторийн шинжилгээгээр асаагч бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, хаягдал утааны хэмжээ болон шаталтаас үүсэх хийн агуулгыг тодорхойлсон байна.
Шахмал түлш асаасан туршилтын үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнүүд нь үнэр, утаа багатай, дөлний өндөр сайн, асаахад хялбар, бүрэн шаталттай байсныг “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцууллаа.
Туршилт болон лабораторийн шинжилгээний үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнийг ашиглан хагас коксон шахмал түлшийг асаах боломжтой болохыг баталж, гал асалтын үеийн утаа мэдэгдэхүйц буурсан байна.
Эрдэмтдийн зөвлөл асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцаж, цаашид холбогдох зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.