Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
56 мин
Трамвай, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулснаар хувийн автомашины хэрэглээг бууруулж чаджээ

Германы Фрайбург хот трамвайг хотын хөгжлийн гол тулгуур болгож, замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулсан Европын амжилттай жишээний нэгээр нэрлэгддэг.

Тус хот 1901 онд анхны трамвайгаа ашиглалтад оруулсан бөгөөд 1972 онд трамвайн сүлжээгээ татан буулгах бус, харин өргөжүүлж хөгжүүлэх стратегийн шийдвэр гаргажээ. Үүнээс хойш шинэ орон сууцны хороолол бүрийг эхний ээлжинд трамвайн шугамтай холбох бодлогыг хэрэгжүүлсэн байна.

Үүний тод жишээ нь 2006 онд ашиглалтад орсон Ваубан дүүрэг юм. Энэхүү шинэ хорооллыг оршин суугчид нүүн ирэхээс өмнө трамвайн шугамаар холбосноор иргэдийг эхнээс нь нийтийн тээврээр зорчих нөхцөлөөр хангажээ. Мөн хотын төвд автомашины хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, явган зорчигч, дугуйн зам, нийтийн тээврийн хэрэглээг дэмжих бодлогыг зэрэг хэрэгжүүлсэн байна.

Эдгээр бодлогын үр дүнд Фрайбург хотын автомашинаар зорчих эзлэх хувь 1976 онд 60 хувь байсан бол 1996 он гэхэд 43–46 хувь хүртэл буурчээ. Харин нийтийн тээврийн хэрэглээ 22 хувиас 28 хувь болж өссөн бөгөөд дугуй болон явган зорчилтын эзлэх хувь 18 хувиас 29 хувь хүртэл нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Фрайбург хотын трамвайн сүлжээ 43.9 километр урт бөгөөд оршин суугчдын 80 гаруй хувь нь трамвайн буудлаас 500 метрийн дотор амьдардаг. Хотын энэ бодлого нь замын түгжрэлийг бууруулахаас гадна агаарын бохирдлыг багасгаж, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ