Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-07-08
Үерийн эрсдэлтэй бүсийн айлуудад мэдэгдэх хуудас хүргүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллалаа.

Тэрбээр “Үер ус болсны дараа бус болохоос нь өмнө арга хэмжээ авах нь чухал. Дүүргүүд техник төхөөрөмж, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ус тогтсон байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газрын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн бригад 45 механизмтайгаар өргөтгөсөн цагаар ажиллаж байна. Цаашид үерийн эрсдэлийг том бодлогоор нь харж өөрчлөх ёстой. Ялангуяа Туул-1 коллекторыг ашиглалтад оруулах шаардлагатай” гэлээ.

Мөн үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлуудад мэдэгдэх хуудас яаралтай хүргүүлэхийг үүрэг болгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн мэдээлснээр Баруун салаанд голын голдирол дагуу 600 гаруй айл байгаа бөгөөд эхний ээлжид 200-300 айлын асуудал хамгийн хүндрэлтэй байна.

Тус дүүрэг энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бумбатын рашаан орчимд 1.3 га газарт хиймэл нуур байгуулахаар төлөвлөжээ. Уг нуур нь өвөл халиа, тошин үүсэхээс сэргийлэхээс гадна үерийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой бөгөөд долоодугаар сарын 20-нд хүлээлгэн өгөх юм байна.

Түр зуурын ширүүн борооны улмаас дөрвөн айлын бууриар татсан ус дайран өнгөрсөн бөгөөд тухайн айлуудад тусламж үзүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал хийж байгаа аж.

Дүүргийн хэмжээнд онцгой байдлын үед ажиллах алба хаагчид байнгын бэлэн байдалд байгаа бөгөөд үерийн эрсдэлтэй бүсүүдийн шуудуунд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ