
Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.
Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж анх удаа томьёолсон нь онцлог болж байна.
Хуулийн зохицуулалтаар мопед, түүний төрөлд хамаарах скүүтер болон тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож, замын хөдөлгөөнд оролцоно.
Мөн энэ төрлийн тээврийн хэрэгслийг бүртгүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай.
Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер болон тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Мөн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны орчны ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газарт уг төрлийн тээврийн хэрэгслийг байршуулахгүй байх зохицуулалт туссан байна.