Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-07-08
Нэн ховор амьтан агнасан иргэдэд торгох ял оногдуулж, нөхөн төлбөр гаргуулжээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 37 хүнд холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгалийн өвөрмөц тогтоц, ховор болон нэн ховор амьтдын тархац, тоо толгойноос хамаарч Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт түлхүү үйлдэгдэж байна.

Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.

Орхон аймгийн прокурорын газраас Б.Т, С.М нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 9 дүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 тооны баданга хүдэр-ийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, 13 ширхэг заар, 2 ширхэг соёо зэрэг түүхий эдийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн байна.

Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс тус бүрд нь 13 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ. Мөн амьтны аймагт учруулсан хохирол болох 152.8 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг, сум, сүх, хутга зэрэг эд зүйлийг устгахыг цагдаагийн байгууллагад даалгажээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ховор амьтны гаралтай түүхий эд худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Холбогдогч нь 2025 оны 10 дугаар сард Ховд аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан аргалийн түүхий эдийг худалдан авч, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хадгалан, улмаар “Хино профиа” загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэжээ.

Шүүхээс уг этгээдийг гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Мөн амьтны аймагт учруулсан хохирол болох 44.4 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 39.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас М.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан, Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны шивэр молцог хандгай-г тусгай зөвшөөрөлгүй агнажээ.

Шүүхээс М.Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг хууль бусаар агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна. Мөн амьтны аймагт учруулсан 78.8 сая төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг, эд ангийг устгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас хууль бусаар ан агнахгүй, ховор болон нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ