Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-07-07
Монгол адууны өв соёлыг таниулсан 20 хүлэг эх нутагтаа ирэв

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адуу 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншил, адууны өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Вьетнамын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэр гаргажээ.

Энэхүү ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан салбар дундын Ажлын хэсэг байгуулагдаж, мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт, экспорт, импортын зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг үе шаттайгаар ханган ажилласан байна.

Монгол түмний их баяр наадмын босгон дээр эх орондоо ирсэн эдгээр адууг хүлээн авах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгуен Ту Нгиа Дук болон албаны бусад төлөөлөл оролцов.

20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчрахад Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд хамтран ажилласан байна. Тээвэр, ложистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компани хариуцан зохион байгуулжээ.

Анх 2019 оны 07 дугаар сард БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад айлчлах үеэр Вьетнам Улсад Морьт цагдаагийн хороо байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны 01 дүгээр сард дээрх монгол адууг Вьетнам Улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн хүлээлгэн өгч байжээ.

Өнгөрсөн хугацаанд Вьетнамын тал монгол адууг арчлан хамгаалах, сургах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онд харилцан төлөөлөгчдөө илгээж, мэргэжлийн сургалт, туршлага солилцох ажлыг тогтмол хэрэгжүүлсэн байна.

Мөн монгол адууг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах хүрээнд БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ