Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-07-03
Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 80.4 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2026 оны долоодугаар сарын 02-ны өдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна.

Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэх үүргийн дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө болон захирамжийн төслийг боловсруулан, судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа юм.

Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ. Нийслэлийн 10 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд НЭМГ, ТЦА-ны ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байна. Харин маршрутын бус 21 замд НОБГ, НЦУГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 290.6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, гүйцэтгэл 92 хувьтай байна.

Хот тохижилтын аяны хүрээнд тохижилтын ажлыг өргөжүүлж, нийт 2349 байгууламжид засвар, үйлчилгээ хийжээ. Үүнд 646 спорт, тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, есөн цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбай багтаж байна. Мөн 67 байршилд 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс долоодугаар сарын 1-ний байдлаар 12 төрлийн 638,943 ширхэг цэцэг тарьж байгаа бөгөөд гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явц, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явц, хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажил болон COP-17 үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцуулсан юм. Тэрбээр төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгыг ашиглан нэг ээлжид 840 хүүхэд, хоёр ээлжид 1680 хүүхдийг хотхоны бага сургуульд хамруулах боломжтой талаар мэдээллээ. Мөн 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны саналыг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авч байна. Сургуулийн зориулалтаар 46 хорооны нутаг дэвсгэрт санал хүлээн авах бөгөөд төрөлжсөн ахлах сургуулийг дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, нийслэлийн харьяа байгууллагууд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл”-д тусгах саналаа ирүүлэх, хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж хэрэгжилтэд хяналт тавих, хагас коксон шахмал түлш худалдан авах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Мөн 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглосон тул хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчилан таниулах, Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг газар дээр нь шалгаж, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулахыг даалгалаа.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх, усаар шүрших ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ