
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр хэлэхдээ “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий 2450 орчим талбай бий. Үүний 30 хувьд буюу 700 орчим талбайд засвар, арчлалт хийсэн. Мөн СӨХ-дын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг, чиглэл өгч байна” гэлээ.
Тэрбээр нийтийн эзэмшлийн зам, талбай дахь хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг дүүрэг хариуцан ажилладаг гэдгийг онцлоод, нийслэл болон дүүргийн зүгээс тухайн талбайд шаардлагатай засвар, арчлалтыг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлсэн гэв.
Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Нийслэлийн хэмжээнд нийтийн аж ахуйн болон хотхон, хорооллын эзэмшилд буй тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Шинээр тохижуулсан энэ тоглоомын талбай нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартын шаардлагуудад нийцсэн. Хотын стандартын шаардлагад хүүхдийн тоглоомын талбай нь хүртээмжтэй, хүүхдийн насны онцлогт нийцсэн, тохиромжтой гадаргуутай байх ёстой гэж заасан байдаг” гэлээ.
Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Төгсбаяр тус дүүрэгт нийт 186 хүүхдийн тоглоомын талбай байдаг талаар мэдээлэв. Түүний хэлснээр эдгээр талбайн арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлэн ажиллаж байна.