
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Тус хуульд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан талаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов.
Гэвч хуульд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24, төрсөн болон үрчилж авсан хүүхэд 27, нийт 57 иргэн нөхөх олговор авах нэхэмжлэлээ гаргаж чадалгүй хоцорсон байна.
Иймд бичиг баримт нь бүрдсэн боловч тухайн үед шүүхийн асуудал шийдэгдэж амжаагүй байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч танилцуулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нөхөх олговороос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах эрх нээгдэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хангахад чиглэж байна гэж үзсэн байна.
Мөн шүүхээс тогтоосон хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгох тул холбогдох зардлыг урьдчилан тооцож төсөлд тусгасан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.