
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлолоо.
Хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас санал авахаар ирүүлсэн “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас санал авахаар ирүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дамжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл”, Сангийн сайд З.Мэндсайханаас санал авахаар ирүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалт удирдлагын тухай /анхдагч/ хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй тус тус танилцана.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн өргөдөл, намын дүрмийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлуулах тухай” 45 дугаар тогтоолыг үндэслэн Иргэний зориг ногоон намын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбар /хүсэлт/, мөн Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатараас 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг тус тус хэлэлцэхээр боллоо.