Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-06-29
Эрчим хүчний салбарын ажилтнууд маргааш 08:00 цагаас ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдлээ

Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл маргааш буюу 06 дугаар сарын 30-ны өглөөний 08:00 цагаас улс орон даяар ажил хаялт эхлүүлэхэд бэлэн болсноо мэдэгдэж, энэ тухайгаа Эрчим хүчний яаманд албан ёсоор хүргүүлжээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаа-гийн хүсэлтийн дагуу өнөөдөр яаманд уулзсан байна.

Уулзалтын үеэр Эрчим хүчний сайдын зүгээс цалинг 10 хувиар нэмэх санал тавьсан ч үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа эхлүүлэхээ мэдэгджээ.

Дулааны цахилгаан станц-3-ын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн хэлэхдээ, тус станцын ажилтнууд өндөр халуун, хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд эрчим хүчээр тасралтгүй хангах үүргээ бүрэн ухамсарладаг ч өнөөдрийн нөхцөл байдалд ажил хаялт хийхээс өөр сонголт үлдээгүй гэж онцолсон байна.

Тэрбээр, одоогоор эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын түвшинд хүрээгүй ч их засварын ажлууд үргэлжилж байгааг дурдсан юм.

Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл сайд Б.Найдалаагаас өнөөдрийг хүртэл албан ёсны бичгээр хариу ирүүлээгүй хэмээн мэдэгдэж, эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй хэдий ч сүүлийн жилүүдэд хүний нөөц, хөдөлмөрийн үнэлэмж орхигдсоор өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэдний мэдээлснээр, цалин 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд хэрэв нэг дор нэмэх боломжгүй бол үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс сүүлийн жил хагасын хугацаанд цалин ердөө 10 хувиар нэмэгдсэн бол энэ сарын 1-нээс цахилгааны үнийг 5 хувиар өсгөсөн ч ажилтнуудын цалин нэмэгдээгүйг онцоллоо.

Түүнчлэн салбар дахь авлигын асуудлыг нийт ажилтнуудад хамаатуулж болохгүй бөгөөд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, маргаашийн ажил хаялтад эрчим хүчний салбарын 22 байгууллагын ажилтан оролцохоор бэлтгэлээ хангажээ.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал-ыг асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхийг уриалсан бөгөөд ажил хаялтын улмаас цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол үүсвэл үүнтэй холбоотой хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ