Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
Өчигдөр 10 цаг 03 мин
Цаатан иргэдийн өв соёлыг сурталчлах фестиваль болно

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн өвөрмөц ахуй соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаатан фестиваль” 2026 оны долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль энэ жил 22 дахь удаагаа болох гэж байна.

Монголын хоймор нутагт эртний уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдрал, соёл, ёс заншил, мөн дархад, цаатан бөөгийн уламжлалт зан үйлийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах нь фестивалийн гол зорилго юм.

Мөн энэхүү арга хэмжээ нь орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.

Фестивалийн үеэр цааны уралдаан зохион байгуулах бөгөөд жуулчид цаатан иргэдийн уламжлалт ахуй амьдралтай танилцаж, цаатай дурсгалын зураг авахуулах, үндэсний өв соёлыг харуулсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.

Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэгт аялан амарч буй дотоод, гадаадын жуулчид цаатан иргэдийн өвөрмөц соёл, уламжлалтай ойроос танилцах боломж бүрдэх юм.

Хөвсгөл аймагт Монгол Улсын зургаа дахь хошуу мал болох цаа сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна.

Тухайлбал, 2024 оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа бүртгэгдэж байсан бол 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 176 толгой буюу 6.4 хувиар өсжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ