
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй салбарын нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлэв.
Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөжээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан байна.
Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор цахим засаглалыг бэхжүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх, өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 5G технологи нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлыг сайжруулах, инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч буйг онцолжээ.
Мөн хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай болон Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлсэн байна.
Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ.
Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна.