
“Диспикабл Ми”, “Минионс”, “Синг”, “Тэжээвэр амьтдын нууц амьдрал”, “Марио” зэрэг бүтээлээрээ танигдсан “Иллюминэйшн” студи шинэ уран бүтээл болох “Минионс энд Монстерс” киногоо танилцуулахаар зэхэж байна.
“Ассошиэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр, “Иллюминэйшн” студийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Меледандри Холливудын хамгийн тогтвортой, ашигтай анимэйшн үйлдвэрлэлийн нэгийг бий болгосон уран бүтээлчдийн нэг гэж үнэлэгдэж байгаа аж.
“Иллюминэйшн” студи 2010 онд “Диспикабл Ми” киногоор анхны бүтээлээ гаргаснаас хойш дэлхийн кино зах зээлээс 11 тэрбум гаруй ам.долларын орлого олжээ. Тус студийн “Супер Марио Галакси” бүтээл 2026 онд одоогоор нэг тэрбум ам.долларын босго давсан цорын ганц кино болжээ.
Харин шинэ бүтээл болох “Минионс энд Монстерс” кино долоодугаар сарын 1-нээс кино театруудаар гарч эхлэхээр товлогджээ. Уг бүтээл нь “Диспикабл Ми” ертөнцийн долоо дахь, “Минионс” дүрүүд төвтэй гурав дахь бие даасан кино юм.
Киноны үйл явдал 1920-иод оны Холливудын алтан үеийн уур амьсгалд өрнөх бөгөөд “Минионс” дүрүүд кино бүтээгчид болж буйгаар дүрслэгдэнэ. Найруулагчаар “Иллюминэйшн”-ийн олон бүтээл дээр ажилласан Пьер Коффин ажиллажээ. Тэрээр “Минионс” дүрүүдийн дуу хоолойг мөн олон жилийн турш бүтээсэн юм.
“Ассошиэйтэд Пресс”-ийн мэдээлэлд дурдсанаар, “Иллюминэйшн” студийн амжилтын нэг онцлог нь харьцангуй хэмнэлттэй төсвөөр ашигтай бүтээл гаргадаг үйлдвэрлэлийн загвар аж. “Минионс энд Монстерс” киноны төсөв 85 сая ам.доллар орчим бол “Супер Марио Галакси” 110 сая ам.долларын төсвөөр бүтжээ.