
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер хотноо зохион байгуулагдсан “INTERSCHUTZ 2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын захиалгаар нийлүүлж буй гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг танилцуулжээ.
Тус автомашиныг Монгол Улсын цаг уур, үүрэг гүйцэтгэлийн онцлогт тохируулан Бүгд Найрамдах Франц Улсаас захиалгаар нийлүүлж байгаа юм.
Автомашин нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны хүрээнд хийгдэж, нийлүүлэгдэж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсад гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлж буй олон улсын үйлдвэрлэгчид оролцжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Австри Улсын “Rosenbauer”, Бүгд Найрамдах Польш Улсын “Stolarczyk”, Бүгд Найрамдах Франц Улсын “Desautel” зэрэг гал унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулсан байна.
Эдгээр техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсын гал унтраах, аврах ажиллагаа, тэр дундаа өндрөөс аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
“INTERSCHUTZ 2026” үзэсгэлэнд гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, хувийн хамгаалах хувцас, багаж хэрэгсэл, нисгэгчгүй төхөөрөмж, өөрөө явагч тээврийн хэрэгсэл, хиймэл оюунд суурилсан шийдэл, дараагийн үеийн технологи, арга барилуудыг танилцуулжээ.
INTERSCHUTZ нь гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын дэлхийн тэргүүлэх үзэсгэлэн бөгөөд 2026 оны арга хэмжээ зургаадугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ханновер хотноо болсон юм.