
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссан талаар мэдээллээ.
Түүний хэлснээр, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг олон улсын тендерийн цахим платформуудад нэг сарын хугацаанд байршуулсан бөгөөд таван аж ахуйн нэгж санал ирүүлжээ.
Үнэлгээний дүнд шаардлага хангасан хоёр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад багтааж, дараагийн шатны шалгаруулалтад оролцох урилга хүргүүлэхээр болсон байна.
Цаашид эдгээр компанийн саналыг нарийвчлан үнэлж, эцсийн хөрөнгө оруулагчийг шалгаруулсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хуралд танилцуулах аж.
Мөн зэс хайлуулах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын ялагч тодорч, хэлэлцээрийн шатандаа орсныг сайд онцоллоо. Түүнчлэн хөнгөн цагааны үйлдвэрийн төслийн газрын асуудал, зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байгаа бөгөөд алт боловсруулах үйлдвэрийн төслийг ч ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж буйг мэдээлэв.
Сайд Г.Дамдинням “Засгийн газар олон жил яригдсан ч хэрэгжилтэд хүрээгүй томоохон төслүүдийг, тэр дундаа боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодитоор хөдөлгөж эхэллээ” хэмээн мэдэгдлээ.