Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-06-18
«Робин Гүүдийн үхэл» кино шүүмжлэгчдийн маргааны сэдэв болов

Австралийн жүжигчин Хью Жекманы гол дүрийг нь бүтээсэн «Робин Гүүдийн үхэл» кино шүүмжлэгчдийн дунд маргаан дагуулж эхэллээ. Найруулагч Майкл Сарноски энэхүү бүтээлээрээ домогт Робин Гүүдийн түүхийг уламжлалт баатарлаг хэв маягаас эрс өөрөөр харуулахыг зорьжээ.

Кинонд Робин Гүүдийг баян хүмүүсээс хулгайлан ядууст түгээдэг ардын баатар бус, харин өнгөрсөн амьдралынхаа гэм нүгэл, хүчирхийлэлтэй нүүр тулсан хөгширсөн дайчин эрийн дүрээр харуулсан байна. Түүнчлэн үзэгчдийн сайн мэдэх Хөгжилтэй эрсийн бүлэг, адал явдалт тулаан зэрэг уламжлалт элементүүдийг бараг ашиглаагүй аж.

Шүүмжлэгчид Хью Жекманы жүжиглэлт, Умард Ирландын байгалийн үзэсгэлэнт газруудад хийгдсэн зураг авалт, дүрслэлийн чанарыг өндрөөр үнэлж байгаа ч киноны хэт бараан өнгө аяс, удаан өрнөлтэй үйл явдлыг сул тал хэмээн онцолжээ. Зарим тоймчид уг бүтээлийг Жекманы тоглосон «Логан» кинотой зүйрлэн, нас ахисан баатрын гэмшил, аврал эрсэн тэмцлийг харуулснаараа төстэй гэж дүгнэсэн байна.

Associated Press агентлагийн кино шүүмжлэгч Жэйк Койл тус кинонд дөрвөн одноос хоёр од өгч, Робин Гүүдийн домгийг шинээр тайлбарлах оролдлого сонирхолтой ч хэт гутранги өнгө аяс нь бүтээлийн амийг үгүй хийсэн гэж үнэлжээ.

«Робин Гүүдийн үхэл» кинонд Хью Жекманаас гадна Жоди Комер, Билл Скарсгард, Мюррей Бартлетт, Ноа Жүп нар тоглосон бөгөөд АНУ-д энэ сарын 19-нөөс нээлтээ хийх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ