
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй монгол иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн.
Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Батлан хамгаалах яаманд анхдугаар хуралдааныг хийлээ.
Ажлын хэсэг нь “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, яамд, агентлаг хоорондын харилцан уялдааг хангах үүрэг хүлээх юм. Ажлын хэсэгт Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ДЦШ, ОБЕГ-ын төлөөлөл багтаж байна.
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний зорилго нь хүүхэд, залуучуудад нийгмийн болон үндэсний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, үндэсний дархлаатай, эх оронч, эрүүл чийрэг, ёс зүйтэй, монгол иргэний төлөвшүүлэх бүх талын үйл ажиллагааг эрчимжүүлж, нийт үндэстнээрээ хөгжин дэвших, аливаа гамшиг, эрсдэлийг даван туулах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангахад оршиж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөнийг 2 үе шаттай, 2026-2030 онуудад буюу 5 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.