Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн санаачилгаар, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал, хэвшилд уриалж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Алхангаа ярилцъя” арга хэмжээг тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагт Мөнх-Алдарын талбайгаас эхлэн, өртөөчлөн зохион байгуулах гэж байна.
1. “АЛХАЖ ЭХЭЛЦГЭЭЕ!-ӨРТӨӨ”
Мөнх-Алдарын талбайд дасгал хийж алхалтаа эхлүүлнэ.
2. “ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨРТӨӨ”
Хүчилтөрөгчийн коктель
Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл
3. “МАНЗУШИР ӨРТӨӨ”
Өөрийн бэлтгэсэн өглөөний цай
Опен мик
Чөлөөт ярилцлага
Хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой хөтөлбөртэйгөөр өглөөг хамтдаа өнгөрүүлнэ.
Цаашид батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүр төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоод өөрсдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд алхангаа, сурталчлан таниулах, иргэдийн асуултад хариулах ажлыг тогтмол зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Монголын Явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ урилгаар оролцож алхалтын ач тусын талаар ярилцаж, мэдээлэл хүргэнэ.
Иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн энэхүү арга хэмжээг Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Төв аймгийн Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж байна.
Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж цэвэр агаарт алхаж эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа хэвшүүлцгээе.