
“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 19-нд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулжээ.
Энэ хүрээнд “Багануур Max Маркет” ХХК болон “Чойбалсан Групп” ХХК хамтран Хангай хотхон, Байгаль эх цогцолбор, Алтжин бөмбөгөр, Жуковын талбайд нийт 2471.75 кг хонины мах, 5603.05 кг үхрийн мах, нийт 8074.8 кг нөөцийн мах борлуулсан байна.
Мөн “Агро нэгтгэл трейд” ХХК Төв цэнгэлдэх хүрээлэн болон Цамбагарав үйлчилгээний төвд нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулж, 3047 кг хонины мах, 3537 кг үхрийн мах, нийт 6584 кг нөөцийн мах иргэдэд борлуулжээ.
Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 5518.75 кг хонины мах, 9140.05 кг үхрийн мах, нийт 14658.8 кг нөөцийн мах борлуулаад байна.
Нөөцийн махыг тээвэрлэх явцад хүнсний аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн стандарт шаардлагыг мөрдүүлж, агуулахаас ачсан тээврийн хэрэгсэлд лац тавин худалдааны цэгүүдэд хүргэж байгаа аж. Мөн мах худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт хэвлэн өгч байна.
Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:00-18:00 цагт дээрх зургаан байршилд үргэлжилнэ. Түүнчлэн “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбар, “Сансар” сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2 буюу нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаалах юм.
Нөөцийн махыг гэрээнд тусгасан үнээр буюу үхрийн махыг нэг килограмм нь 15,000 төгрөг, хонины махыг нэг килограмм нь 13,000 төгрөгөөр худалдаална.