
Төв аймгийн төвийн А бүс буюу төв талбайг тойрсон орон сууцны барилгуудын ихэнх нь 1960-1970 онд баригдсан бөгөөд өнөөдрийн байдлаар насжилт өндөртэй, чулуун суурьтай, газар хөдлөлтөд тэсвэргүй, чанарын шаардлага хангахгүй болсон барилгууд цөөнгүй байна. Иймээс эдгээр барилга байгууламжийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах, дахин төлөвлөх зайлшгүй шаардлага тулгараад буй.
Хот төлөвлөлтийн судалгаануудад хуучин орон сууцны барилгуудыг шинэчлэх, инженерийн дэд бүтцийг сайжруулах шаардлага нэмэгдэж буйг онцлон дурдсан байдаг. Энэ хүрээнд 2026 онд аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн шугам сүлжээний нарийвчилсан төлөвлөгөө, зураг төсөв, тооцоолол бүхий иж бүрэн ажлын зурагтай болохоор ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон холбогдох хэлтэс, агентлаг, байгууллагын албан хаагчид 13 дугаар байр буюу төв талбайн зүүн талын хоёр давхар байрны оршин суугч иргэдтэй уулзаж, төвийн бүсийн дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, харилцан санал солилцлоо.
Ирэх жилээс аймгийн төвийн хэсэгт дахин төлөвлөлтийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дахин төлөвлөлтийг зөвхөн орон сууцны барилгаар хязгаарлахгүйгээр олон улсын стандарт, шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний төв, иргэдийн амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн орчин бүхий цогц хөгжлийн шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байна.