
Экологийн цагдаагийн албанаас 2026 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөнгөн ус хууль бусаар хадгалж, бусдад худалдах зорилготой байсан үйлдлийг илрүүлж, 9.2 килограмм мөнгөн усыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задралд ордоггүй, харин химийн хэлбэрээ өөрчлөн хоруу чанар нь хадгалагддаг онцгой аюултай бодист тооцогддог. Хүний биед хоол хүнс, ус, агаараар дамжин нэвтэрч тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээх эрсдэлтэй.
Ялангуяа жирэмсэн эхээр дамжин урагт нөлөөлөх, эхийн сүүгээр дамжин нярай хүүхдэд хордлого үүсгэх аюултай бөгөөд хараа, сонсголын бэрхшээл, оюуны хомсдол, саажилтад хүргэх эрсдэл дагуулдаг.
Монгол Улсад мөнгөн усыг Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтаан хязгаарласан. Мөн улс 2015 онд мөнгөн усны хэрэглээг бууруулах, хяналтыг сайжруулах олон улсын Минаматагийн конвенцид нэгдсэн.
Хуульд зааснаар химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулах хариуцлага хүлээлгэдэг.
Иргэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой бөгөөд холбогдох тусгай дугаарын утсаар мэдээлэл өгөхийг анхаарууллаа.