
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн Үндэсний зохицуулагч нарын зөвлөлдөх уулзалт өчигдөр цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнууд, Азийн хөгжлийн банк болон түнш байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар КАРЕК-ийн Сайд нарын 24 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 2026 оны тэргүүлэх чиглэл, хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлов. Оролцогчид хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, бодит үр дүнд чиглэсэн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Монгол Улс КАРЕК-ийн үйл ажиллагааг илүү төвлөрсөн, үр дүнд суурилсан болгох байр суурийг илэрхийлж, Сайд нарын хурлын хэлэлцэх асуудлыг тодорхой, хэрэгжих боломжтой стратегийн чиглэлүүдэд төвлөрүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ. Түүнчлэн тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх, цахим холболт зэрэг үндсэн чиглэлүүдийн зэрэгцээ чухал ашигт малтмал, цэвэр эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг шинэ салбаруудыг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал чиглэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах КАРЕК-ийн Сайд нарын 25 дугаар хурал болон холбогдох бизнес форум болон Хөгжлийн түншүүдийн арга хэмжээнүүдийг бүс нутгийн хэмжээнд шинэ шатанд гаргах, бодит төслүүдийг урагшлуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байгаагаа онцлов. Энэ удаагийн үндэсний зохицуулагч нарын уулзалтыг Монгол Улс даргалсан юм.