
Алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилга, “ХААН” банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр “Багийн бага сургууль” төслийг Батсүмбэр сумын Үдлэг багт амжилттай хэрэгжүүллээ.
Сумын төвөөсөө 10 гаруй километр зайд орших Үдлэг багт 6–11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг ба сумын төв болон Улаанбаатар хотод суралцдаг хүүхэд бий. Шинэ сургууль байгуулагдаж, ашиглалтад орсноор тухайн багийн айл өрхийн хүүхдүүд гэрээсээ хол сумын төв, эсвэл хот руу явж сурах шаардлагагүй болж, гэрийнхээ ойр боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү сургууль нь олон улсын стандартын дагуу төлөвлөгдөж, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, суралцах тав тухыг бүрэн хангаад зогсохгүй барилга нь ухаалаг агааржуулалт, шалны халаалтын систем бүхий орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй. Мөн Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим сургалтын орчныг бүрдүүлснээр технологид суурилсан боловсрол эзэмших боломжийг сурагчдад олгож байна.
Мөн "Ай Ти Зон" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг санаачилгад нэгдэн бага сургуулийн дижитал орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллажээ.