
Нидерландын Хаант Улсын Гааг хотноо энэ сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн Бага хурал Ерөнхий асуудал, бодлогын зөвлөлийн ээлжит хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөлийн ээлжит хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал (HCCH)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Франсуа Бернацконитай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенцуудыг дотоодын хууль тогтоомжид нутагшуулан үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, хэрэгжүүлэгч байгууллагуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал (HCCH)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Франсуа Бернацкони эерэгээр хүлээн авч, Монголд ач холбогдолтой бусад конвенцод үе шаттай нэгдэх асуудлаар судалгаа хийхэд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал нь олон улсын хувийн эрх зүйн зарчим, хэм хэмжээг уялдуулах зорилготой бие даасан Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 1893 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол Улс 2021 онд тус байгууллагын гишүүнээр элсэн орж, одоогийн байдлаар тус байгууллагын боловсруулсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны конвенц, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай 1961 оны конвенц, Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай 1993 оны конвенцод тус тус нэгдэн орсон байна.