Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-03-09
“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах саналыг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалсан ажлын хэсэг цахимаар хуралдан хэлэлцлээ.

Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг авч үзлээ.

Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ.

Мөн журмын 2.2 дахь заалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж /07:30–13:30/, өдрийн ээлж /13:30–19:30/ цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв.

Түүнчлэн журмын 2.3 дахь заалтад “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ