
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Итали улсын Ром хотноо олон улсын нээлтийн арга хэмжээ болсон бол Монгол Улс энэ сарын 5-ний өдөр “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг нээсэн юм. Үндэсний нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир оролцлоо.
Дэлхийн хуурай газрын 50 орчим хувийг бэлчээр, хээрийн экосистем эзэлж, 800 сая орчим хүний амьжиргаа, 1 тэрбум гаруй хүний хүнсний хангамжид шууд нөлөө үзүүлдэг ч уур амьсгалын өөрчлөлт, ган, газар ашиглалтын зохисгүй хэлбэрүүдийн улмаас дэлхийн газрын 40 хүртэлх хувь доройтолд орж, жил бүр 12 сая га газар алдагддаг байна. Харин манай улсын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн, бэлчээрийн 65 орчим хувь нь доройтлын янз бүрийн шатанд байгаа бөгөөд сүүлийн 70 жилд дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Энэхүү олон улсын жил нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалд хандуулах, сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой. Мөн бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэр, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах, байгаль орчны тогтвортой байдал, хөдөөгийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар дэлхий нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
