Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
11 цаг 7 мин
Барилгын салбарын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тохиролцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлагуудыг хүлээн авч уулзан, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд бүрэн нийцсэн, бусад салбарын бодлоготой уялдаа холбоотой байх шаардлагатайг онцолсон юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, авлигагүй орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг дурдлаа. Тэрбээр салбарт мөрдөгдөж буй 1046 дүрэм, журам, цаг үеэдээ нийцэхээ больсон стандартыг цэгцэлж, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлийн цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэж, уг байгууламжийг ирэх зургаадугаар сард хүлээн авахаар төлөвлөсөн байна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хэрэгцээг 2050 он хүртэл бүрэн хангах боломж бүрдэх аж.

Хот байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2025 онд улсын хэмжээнд 45 сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү ажлын гол зорилго нь хүн амын хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэж байна. Цаашид 7 бүс, 91 хөгжлийн төвийг хамарсан бодлогын хүрээнд 18 орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг шинээр боловсруулах шаардлага үүссэн бөгөөд тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, төсвийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байгааг салбарын сайд Э.Бат-Амгалан онцоллоо.

Орон сууцны нөхцөл байдлын тухайд, Монгол Улсын хэмжээнд нийт 997,023 өрх бүртгэгдсэнээс 295,433 нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь нийслэлд хүн амын төвлөрөл өндөр хэвээр байгааг харуулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн бөгөөд уг үүрэг, чиглэлийн хүрээнд холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллаж байгаа гэсэн юм. Сүүлийн жилүүдэд орон сууцны барилгын салбар тогтвортой өсөлттэй байж, 2013 оноос хойш жилд дунджаар 18 мянган орон сууц ашиглалтад орсон нь иргэдийн орон сууцны хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа тэмдэглэлээ.

Барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг бүрдүүлдэг бөгөөд улсын хэмжээнд хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 40 орчим хувь нь тус салбарт ногдож байна. Үүнээс гадна барилгын материалын өргөн хэрэгцээний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа бөгөөд керамзит, тоосго, цемент зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүд багтаж байгаа гэв. Энэ нь импортын хамаарлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр онцлов.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран богино хугацаанд эцэслэн боловсруулах шаардлагатайг тэмдэглээд, уг бодлогыг орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, Орон сууцны банк болон Хөгжлийн банкны үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг дурдлаа. Мөн барилгын материалын үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр тусгайлсан бодлого боловсруулж, Орон сууцжуулалтын банктай уялдуулан салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн салбарын түвшинд бодлогын нэгдмэл байдал алдагдаж, системийн шинжтэй алдаа гарч эхэлснийг анхааруулж, үүнийг яаралтай залруулах хэрэгтэйг тэмдэглэлээ. Төрийн албаны шинэтгэл нь зөвхөн цомхотгол хийхэд бус, шаардлагатай салбарт хүний нөөцийг нэмэгдүүлэх, үр ашиггүй бүтэц, үйл ажиллагаанд дахин инженерчлэл хийхэд чиглэх ёстойг тодотгов.

Эцэст нь аялал жуулчлал, газар тариалангийн бүсэд хамаарах сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн бодлогын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдан, уг асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ