Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн 2026.01.24-25-нд Дундговь аймагт боллоо.
Наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, 15 аймгийн тэмээчид оролцлоо.
Одоогоос 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өнөөдөр 501 мянгад хүрч, тоо толгой хоёр дахин өссөн байна. Эдийн засгийн голлох салбар болох аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлогын үр дүнд 2025 онд 810 мянга орчим жуулчин Монгол Улсад ирсэн тоо баримт байна. Засгийн газраас 2026 онд 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж, зөвхөн урин дулаан цагт бус жилийн 4 улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд дэлхийд ховордсон Тэмээний өв соёлын арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг ч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж байна.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Тэмээний наадмыг жил бүр зохион байгуулахаар болж, тэмээчдийн өдөртэй боллоо. Ерөнхийлөгч уриалга гаргаж сайхан наадам зохион байгууллаа. Өмнө нь ботгоны урамшуулал олгож байгаад зогссон байсныг сэргээхээр шийдвэрлэсэнд тэмээчдийнхээ өмнөөс талархаж байна” гэв. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүүдэлчин, малчин ахуй чухал гэдгийг салбарын сайд Ч.Ундрам дүгнэж, аймгуудад өвлийн аялал жуулчлалыг татах ивэнт үйл ажиллагааг цаашид бодлогоор дэмжинэ гэдгийг онцоллоо.