
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар салбарын яам анхаарч, ОХУ-ын талд санал хүсэлтээ өгч байгааг мэдээллээ.
Тэрбээр "Ойрын үед шатахууны асуудал иргэдийг бухимдуулж байна. Бидний хувьд нефт импортлогч компаниудтай холбоотой, хоёроос гурван штаб байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс хуралдаж, Оросын тал манай улсад айлчлаад буцлаа. Энэ үеэр бид шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсан. Ерөнхийдөө хоёр улсын өндөр дээд айлчлалын хүрээнд бидний хүсдэг ганц зүйл шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. .ОХУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд шатахуунаар тасралтгүй хангана гэсэн мэдээллийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 60 хувьтай байна.
Үлдсэн 40 хувь нь 30 гаруй мянган тонныг татаж авснаар Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ. Бид шаардлагатай нөөц, нэмэгдэл авахыг ОХУ-ын талд байнга хүргүүлж байна. Харин тус улсын дотоод хэрэгт үнэхээр оролцож чадахгүй. Дээр нь Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс нийт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг авдаг. Тиймээс үйлдвэр ачааллаа дийлэхгүй 34-өөс доош вагон нийлүүлж байна. Харин сүүлийн гурван хоногт 63, 65 вагон орж ирж байна" гэлээ.