Цаг агаар
Валютын ханш
Хууль
3 цаг 3 мин
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 8-12-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48511 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1390 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 669 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 281, Өмчлөх эрхийн эсрэг 154, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 128, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 29, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 22, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, Авлигын гэмт хэрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4, Хүүхдийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 байна.  

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийтийн албан тушаалтан Ж.У нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр орон сууцны техникийн давхарт байрлах өрөөнүүдийг бусдын нэр дээр шилжүүлэн Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, өмчлүүлэн бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоонд 759.5 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- А.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 1.2 “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл”, 1.2.2 “Эцэг эхээсээ хол байрлаж, хоноглох ажиллах нөхцөл үүсгэх” гэж заасныг тус тус зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг морь хөлслөх ажил хийлгэж, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 11 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

- Э.Б, Б.З, Б.О нар нь бүлэглэн шунахайн сэдлээр, гадаад иргэнд буу тулган хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдсэн, мөн Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Л.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетаминийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1024.3 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ