
Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон Улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан"-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвд амжилттай нэвтрүүлж, нээлтээ хийлээ.
Төслийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгыг бүрэн дулаалж, дулааны алдагдлыг бууруулан, 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай батарей хуримтлуур болон 90 кВт-ын хүчин чадалтай агаар-ус төрлийн дулааны насосын системийг суурилуулан ашиглалтад орууллаа.
Энэхүү иж бүрэн халаалтын системийн төслийн үр дүнд 81 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 40 тонн нүүрс түлэхээс сэргийлж, цахилгаан, дулааны зардалд дундажаар 25 сая төгрөгийн хэмнэлт гарах эерэг үр дүнтэй төсөл юм.
Зураг төслийг "Электро Инженеринг" ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр "Жи-Пауэр" ХХК болон "Повертүүл" ХХК-иуд хамтран амжилттай хийж гүйцэтгэлээ.
Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Эрчим хүчний яамнаас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахиц, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц бүтээн байгуулалтыг үе шаттай хийж байна.