Төв аймгийн Засаг даргын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн хэрэгжилттэй танилцахаар Төв аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Э.Уянга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Тулга нар Баяндэлгэр суманд ажиллалаа.
Төрийн зарим байгууллагуудын засвар үйлчилгээ хийгдэж, төв суурин газрын бэлтгэлийг ханган ажиллаж, мал аж ахуйн өвөлжилтийн хүрээнд сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд өнжмөл 1000 боодол өвс, 2 тонн хивэг хадгалагдаж байна.
“Сум дундын техник үйлчилгээний төв байгуулах төсөл”-ийн хүрээнд олгогдсон техник хэрэгслийг Дорнод аймаг руу гэрээ байгуулан явуулж, оронд нь өвс нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.4 км шинэ хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.
Ажлын хэсгээс Баяндэлгэр сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаад Сумын удирдлагууд, Багийн Засаг дарга нарыг зохион байгуулалтад орж, төлөвлөгөө гарган малчдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгч, ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Сумын удирдлага, албан хаагчдын зүгээс өвс, тэжээлийн үнийн хөөргөдлийг тогтвортой байлгах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд 41 өрхийн 28.0 мянган толгой мал өвөлжихөөр мэдээлэл өгсөн тул тус аймагт албан бичиг хүргүүлж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн Отроор явсан малчдын захиалгыг “Оторчин” апп ашиглан захиалга өгөхөд бэрхшээл тулгарч байгаа аж.
Санал хүсэлтүүдийг холбогдох шатны байгууллагуудад нь хүргүүлж яаралтай шийдвэрлэж өгөхөө Аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Э.Уянга мэдэгдлээ.