Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны орчин цагийн түүх 1997 онд Япон улсын Тоттори мужтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоосноор эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд Төв аймаг, Тоттори мужийн хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт өргөжин тэлж, тогтвортой хөгжиж байгаа юм.
Энэ удаа хоёр орны боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэх, хүүхэд залуучууд, үе тэнгийн сурагчдын хөгжил, төлөвшил, хэл соёлыг харилцан таниулах, сурталчлах зорилгоор "Сурагч солилцоо"-ны хөтөлбөрийг Төв аймагтаа зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Тоттори мужийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид Төв аймагт зочлон Зуунмод сумын ерөнхий боловсролын "Хүмүүн" цогцолбор сургууль, Спортын төрөлжсөн сургууль, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх Япон хэлний дугуйлангийн үйл ажиллагаатай танилцаж, найзын холбоо тогтоон Guest house хийж, малчин өрх айлын ахуй амьдралтай танилцлаа.