Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны 15 дугаар бүгд хурал энэ сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод зохион байгуулдсан бөгөөд тус хуралд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.
NEAR-ийн холбоо нь 1996 онд байгуулагдсан бөгөөд энх тайван ба хамтын хөгжил цэцэглэлтийг зорилгоо болгож, “нээлттэй байдал, хүртээмж, харилцан ашигтай хамтран орших, харилцан хүндлэл ба тэгш эрх” гэсэн зарчмуудын дор бүс нутгийн эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, байгаль хамгаалал, гамшгийн менежмент, шинжлэх ухаан, технологийн салбарт идэвхитэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.
Тус холбооны бүрэлдэхүүнд 6 улсын 82 үндсэн гишүүн орон нутаг, 1 тусгай гишүүн орон нутаг, 3 улсын 3 сурвалжлагч гишүүн орон нутаг, 5 ажиглагч орон нутаг буюу нийт 9 улсын 91 оро нутаг хамрагдаж байна. Үүний дотор Монгол Улсын 21 аймаг, нийслэл NEAR-ийн гишүүнд багтддаг.
“NEAR-2025” бүгд хурлын үеэр БНХАУ-ын Ляонин мужийн дарга Ван Шин Вэй Монгол улсаас оролцож буй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр мэндчилгээ дэвшүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа орон нутгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой санал солилцож, ярилцсан юм. Төв аймаг, Ляонин мужийн харилцаа, хамтын ажиллагаа 2015 оноос эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа нь ахисан түвшинд гарч байгааг Ляонин мужийн дарга онцлов.
“NEAR-2025” бүгд хурлын 2 дахь хэсэгт “Төв аймгийн гадаад харилцаа, хөгжлийн чиг хандлага” сэдвээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл илтгэл тавьж, гишүүн орнуудад мэдээлэл өглөө.