“Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хооронд эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Замын зураглал”-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Фиона Блайт нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд талууд геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах, бүс нутгийн геофизик, геохими, геологийн зураглал хийхэд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Британийн геологийн алба хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын тэргүүний туршлагыг нэвтрүүлэх, ашигт малтмалын чиглэлээр сургалт семинар, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.