Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр улсын хайгуул, олборлолтын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар уулзалт хийлээ.
Уулзалтаар Данийн талаас чухал ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул болон олборлолтын чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслүүдээс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамаарах 7 мега төслийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Элчин сайд Кристэнсэн мөн сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.