Төв аймгийн Байгаль орчны газар нь аймгийн Засаг даргын 2023 оны А/204 тоот захирамжаар Төрийн захиргааны 49, төрийн үйлчилгээний 9 нийт 58 орон тоотой байхаар батлагдсан.
Байгаль орчны газрын харьяанд 27 сумын байгаль хамгаалагч мэргэжилтэн, Батсүмбэр, Мөнгөнморьт, Лүн суман дахь сум дундын ойн ангиуд хамаарна.
Тус газар нь байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомжуудыг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжлийг дэлгэрүүлэх замаар байгаль орчны тэнцвэрийг хангах хүрээнд стратеги, бодлого, зорилтоо чиглүүлэн ажилладаг. Тодруулбал амьтан, ургамал, ой, тусгай хамгаалалттай газар, ус рашаан, уул уурхайн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар юм.
Ааймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Уянга нар аймгийн Байгаль орчны газарт ажиллаж удирдлага, албан хаагчидтай уулзав.
Уулзалтын эхэнд аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Даш-Яйчил газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй танилцсаны дараа аймгийн Засаг даргаас хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг өгсөн юм. Үүнд:
- Албан хаагч бүр өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай байх
- Ажлын онцлогтойгоо уялдуулан ажил, амралтынхаа цагийг зөв зохицуулах
- Ажилдаа цагтаа ирдэг байх
- Бусдын нөлөөнд автахгүй төрийн ажлыг чиг үүргийн дагуу гүйцэтгэх, иргэдэд чирэгдэлгүй ажиллах
- Өрөөнд сууж цаасан дээр ажиллах биш бодит байдал дээр биечлэн очиж ажиллах
- Хэлбэр талруугаа хэлбийсэн төрийн зарим үйл ажиллагааг агуулга руу нь шилжүүлж, үр дүнд хүргэх
- Удирдлагын түвшинд удирдах арга барил, тогтсон хандлагаа өөрчлөх
- Үйл ажиллагаандаа шинэ шинэлэг санал санаачилга гаргаж ажиллахыг үүрэг болголоо.