Төв аймаг нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтдаг бөгөөд 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
Улмаар Улаанбаатар нийслэлийг хүрээлж бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг учраас ой, хээрийн болон объектын гал түймэр, зуд, үеийн эрсдэл дундаас дээш, хүчтэй салхи шуурга, гангийн аюулын түвшин дунд зэрэг гэж үнэлэгджээ.
Тиймээс тус аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль “Орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Ослын үеийн удирдлагын системийн дагуу зохион байгуулагдаж байгаа тус дадлагад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 27 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар, 1350 алба хаагч цахимаар оролцож байгаа юм.
Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.