Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
16 цаг 47 мин
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

Монгол Улсын Шадар сайд Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцож, үг хэлсэн юм.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдаа холбоотой ажиллагааны үр дүнд бид гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах бүрэн боломжтой учраас энэ удаагийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, албадын харилцан ажиллагаа, гамшгийн голом дахь холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, зуд, үер, хүчтэй салхи, шуурга, гал түймрийн аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ, штабын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 100 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1119 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 165 хүн амь насаа алдаж, 710.3 мянган толгой мал, амьтан хорогдож, 12 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Үүнээс объектын гал түймэр хамгийн их буюу 50 хувь, хүний үйл ажиллагаатай аюулт үзэгдэл, осол 24 хувь, биологийн гаралтай өвчлөл 11 хувь, ой, хээрийн түймэр 9 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 5.1 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ