Засгийн газрын тогтоолын дагуу 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна.
Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөрөөр ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан сумдад ажиллаж, цэрэг татлагын үзлэгийг зохион байгуулаад байгаа юм.
Үргэлжлүүлэн Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг сумдад ажиллах бөгөөд цэргийн насны залуусын ирц, идэвх оролцоо өмнөх жилүүдийн адил өндөр байна. Ялангуяа "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил", "Батлан хамгаалахын бодлогын сэргэлт"-тэй холбогдуулан хугацаат цэргийн алба хаагчдад нийгэмд хэрэгцээтэй ажил мэргэжил эзэмшүүлж, англи хэл, компьютер, монгол бичиг, жолооны дамжаанд суралцуулж байгаа нь цэрэгт явах залуусын сонирхлыг нэмэгдүүлжээ.
Нөгөө талаар сумдын удирдлагууд, ЗДТГ-ынхан орон нутгийнхаа залуустаа эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нөлөөллийг ажлыг сайн өрнүүлсэн тухай Цэргийн штабынхан онцолж байгаа юм.
Цэрэг татлагын үзлэгийн багт дотор, зүрхний судас, арьс-харшил, мэдрэл, гэмтэл-мэс засал, халдварт-сүрьеэ, нүд, чих хамар хоолой, БЗДХ, шүдний нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.



